PHP хэрэглэж вэб программ бичих маш хялбар гэж хүн бүхэн боддог. Ингэж бодох нь ч аргагүй учир нь PHP-ийн өөрийн гол үндсэн шинж нь энэ, MySQL баазаас мэдээлэл гаргаад аятайхан хэлбэрт оруулаад харуулахад хэдхэн минутын ажил. Хувьсагчийн төрөл хувиргалт энэ тэр гээд илүү олон юм шаардахгүй. Харин ингэж бичигдсэн програм, өөрөөр хэлбэл PHP нь ердөө л нэг хялбархан скрипт хэл гэж бодож бичигдсэн програм жинхэнэ орчинд аюулгүй ажиллаж чадна гэж юу л бол.
PHP нь өөрөө нууцлалын болон бусад олон тохиргоог php.ini файлаар дамжуулан хэрэгжүүлдэг. Энд хамгийн энгийн жишээ нь л register_globals хэмээх тохиргоо. Энэ нь on гэсэн утга авбал GET, POST гэх мэт GLOBAL хувьсагчпийг PHP нь энгийн хувьсагч хэлбэрт автоматаар шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл $_POST['myvar'] нь $myvar -тай адилхан гэсэн үг. Харин энэ нь off байвал ингэж хөрвүүлэхгүй, жишээ нь та POST горимд дамжиж ирсэн утгуудыг заавал $_POST['myvar'] хэлбэрээр авах хэрэгтэй.
Энэ бол PHP-г энгийн хялбар гэж боддог хүмүүсийн гаргадаг нийтлэг нэгэн алдаа. Тэгэхдээ энэ алдааг гаргадаг хүмүүсийн ихэнх нь анхлан суралцагчид байдаг бөгөөд тэд бүх л хувьсагчид POST, GET, SESSION ялгаагүй үргэлж энгийн нэрээр хандаж болдог гэсэн бодолдоо бат итгэсэн байдаг. Учир нь тэдний ихэнх нь Windows дээр аюулгүй байдлын доод түвшинд тохируулагдсан php.ini файл бүхий PHP ашигладаг учраас тэр. Харин нөгөө сүрхий мундаг хурдан хийчихсэн програмаа өөр сервер дээр ажиллуулах гэж үзээд болохгүй болохоор мухардаж эхлэнэ. Ийм олон хүнтэй би таарч байсан. Энэ жишээ нь хамгийн энгийн зүйл шүү.
Интернэтэд жинхэнээр ажиллах вэбийг PHP дээр хийнэ гэдэг хурдан хийх ажил биш. Ялангуяа аюулгүй байдлын болон хурдан ажиллагааны талаасаа. Би жишээ нь нэг дэлгүүрийн програм шинээр хийе гэж бодъё. Энэ тохиолдолд хэрвээ би бүхнийг эхнээс нь хийлээ гэхэд хугацаа маш их орно. Учир нь би програмдаа хэрэглэгдэх хувьсагч болгон, хэрэглэгчийн хийх үйлдэл болгоныг нарийвчлан шалгаж байх хэрэгтэй.
Тэгтэл үнэн хэрэгтээ тэр шалгах үйлдэл зэрэг нь бараг ижил загвараар хийгдэнэ. Иймээс ерөнхий зориулалтын сангууд бий болгоод түүнийгээ ашиглах хэрэгтэй юм гэсэн санаа төрнө. Өнөөг хүртэл PHP хөгжиж ирэх явцад томоохон төслүүд нь үргэлж өөрийн гэсэн сангуудыг үүсгэн түүн дээрээ суурьлан хөгжиж ирсэн.
PEAR хэмээх тусгай зориулалтын сангуудыг үүсгэн хэрэгжүүлж эхэлсэн нь ч үүний нэг хэлбэр. Тусгай зориулалтын сангуудаас гадна PHP ашиглан өндөр түвшинд хурдан хугацаанд програм бичихэд туслах зорилго бүхий олон тооны PHP фрэймвөркүүд сүүлийн үед гарч эхэлсэн. Миний бодлоор тэдгээрийн хэн нь тэргүүлэх байр суурийг эзэлж байна гэж хэлэхэд хэцүү. Учир нь бүгд өөрсдийн гэсэн онцлогтой. Та google рүү ороод PHP Framework гээд хайхад гарч ирэх үр дүнгүүдийг хараад үүнийг ойлгох байх.
Ялангуяа PHP 5 хувилбар нь обьект хандалтат технологийг бүрэн дэмжиж эхэлсэн нь цаашид PHP хэрэглэхдээ магадгүй Java шиг олон классуудаас хүссэнээ сонгоод хэрэглэх боломжтой болох юмуу гэсэн хандлага ч ажиглагдаж байгаа. PHP 5 нь эдгээр олон төслүүдийн цаашдын хөгжилд нөлөөлж байгаагийн нэгэн баталгаа нь өнгөрсөн жилийн Zend-ийн PHP 5 дээр код бичих уралдаанд түрүүлж байсан
PRADO PHP Framework юм.
Миний хувьд PEAR сангууд, мөн Smarty, phpMailer гэх мэт ухаалаг системүүдийг ажлаа хөнгөвчлөх үүднээс бодит төслүүд дээр хэрэглэдэг ч гэсэн яг бүрэн хэмжээний framework-ийг одоогоор ямар ч бодитой төсөл дээр ашиглаагүй л байгаа. Харин саяханаас Zend зохицуулалтыг нь хийн
Zend PHP Framework хэмээх төслийг нээлттэй эхийн төлөөлөгчидтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор дөнгөж эхэлж яваа ч гэсэн тун удахгүй бэлэн болох байхаа гэж найдаж байгаа. Тэгэхээр нь л энэ нөхрийг хэрэглэх гээд үзнэ дээ.
Тэгэхгүй бол бид үнэхээр өндөр чанартай PHP кодыг хурдан хугацаанд хийж амжихгүй, тэр ард гээгдэх болно.
Анхлан суралцагчдын хувьд PHP дээр нь ч байна уу юун дээр нь ч гэсэн чанартай програмыг тийм хурдан хялбараар бичдэггүй гэдгийг сайн ойлгож мэдрэхүйцээр аливаа програчлалын хэл, технологийг анхнаасаа системтэй ул суурьтай судалж байгаасай гэж боддогоо нуух юун.
New student Says,
Friday, September 15. 2006 at 13:13 (Reply)
Би php хэлийг эхлэн суралцагч байна. Ихэнх материалууд дандаа л гадаад хэл дээр бичигдсэн, уншихаар хальт ойлгоод ч байгаа юм шиг яг туршиж үзэх гэхээр чадахгүй юм аа. Өнгөцхөн ойлгох биш нарийн учир шалтгааныг олж судлах хэрэгтэй байна л даа.
Чи php хэлний талаар, ер нь вэбийн талаар сургалт явуулж болох уу.
Надтай адилхан хүмүүс олон байгаа байх гэж бодож байна.
hujii Replied,
Friday, September 15. 2006 at 16:48 (Link) (Reply)
Тэгээд хүмүүсийн санаа оноог тусгаад арай илүү ахисан түвшинд сургалт явуулбал зүгээр байх.
Bilguun Says,
Monday, October 2. 2006 at 00:26 (Reply)
bi japan center deer yavagdsan java surgaltand suuj bsan hun bna ldaa
PHP giin yurtuntsud nevtrehiig husch bgaa buguud uuriin chin nomiig garahiig yamarch bsan huleej bna . mun hediigeer garah ene talaar surgalt yavuulah bol
tsag hugatsaanii huvid tuluvlusun zuil bgaa bolov uu?
bayarlalaa
hujii Replied,
Monday, October 2. 2006 at 17:02 (Link) (Reply)
Сургалтын хувьд удахгүй бид Banjig.Net дээр онлайн сургалтын систем нээнэ тэгээд тэр үед зарлагдаад явах байхаа.