2 жилийн өмнөөс манай компани руу олон газар интернэт худалдаа хийдэг вэб хийлгэе гэж ярьсан. Чамгүй олон хүнтэй ч би өөрөө биечлэн уулзсан даа. Тэдний ихэнх нь ямар нэгэн байдлаар интернэт худалдаа хийх боломж бүхий өөрийн вэб сайттай болно, тэгээд ашгаа нэмэгдүүлнэ гэсэн бодолтой орж ирдэг. Харин яг үнэхээр бодит байдал ямар байгааг тайлбарлаад өгөхөөр тэр бодлоосоо ухарцгаадаг.
Харин тэднийг ухруулаад байгаа бодит байдлын талаар сэтгэгдэлээ дэлгэе гэж үүнийг бичиж байна. Би нэг их мундаг онол энэ тэр бичээд асуудал босгоод байх дургүй, харин өөрийн мэдэж байгаагаа л харамгүй хүмүүстэй хуваалцахыг хүсдэг нэгэн. Тиймээс энэ юу биччихвээ хэмээн бүү гайхаарай.
Монголд анх Датаком компани интернэт оруулж ирсэн төдийгүй интернэтээр бизнес хийж болохыг хүмүүст ойлгуулахад тусалсан гэж хувьдаа боддог. Миний бодлоор төдийлөн амжилтанд хүрээгүй ч ePay хэмээх системийг тэд л анх зориглон эхлүүлсэн, түүнчлэн олон тооны жижигхэн худалдаа хийх боломжтой вэбүүдийг ч эхлүүлж байсан санагдана. Би ч оюутан байхдаа тус компанид сар гаран дадлага хийж PHP, MySQL гэдэг зүйлсийг анх мэдэж, мэдэхдээ бүр Д.Энхбат захирлын үгнээс сонсож байсан. Дадлага хийж байхдаа видео прокатын систем босгох гэж үзэж байлаа. Харин тэр маань зах зээлд бүрэн гарч ирж чадаагүй байхаа.
Интернэтээр бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдахад хэдэн зүйлсийг ихэд анхаарах хэрэгтэй байдаг. Хамгийн эхнийх нь хэрэглэгчидээ бэлдэх, дараа нь төлбөр тооцоогоо яаж хийх, дараа нь хэрхэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийнхээ гарт хүргэх зэрэг юм.
Үүнээс хэрэглэгчдээ бэлдэх нь манайхны төдийлөн анхаардаггүй чухал зүйлийн нэг. Таны хэрэглэгчид чинь таны үйлчилгээг интернэт авах хэмжээнд очсон байх хэрэгтэй. Сэтгэхүйн хувьд ч мэдлэг чадварын хувьд ч. Монголын хувьд одоо энэ байдал ямар үйлчилгээ гэдгээс хамаараад харьцангуй дээшилсэн. Жишээ нь Бэлэг хүргэх үйлчилгээний хэрэглэгчид ихэнх нь гадаадад байдаг Монголчууд, тэдний хувьд эрэлт хэрэгцээ, түүнээс гадна интернэт худалдааны ойлголт өндөр тул дажгүй. Харин тэгвэл Монголд байгаа хүмүүсийн хувьд яг интернэтээс бараа захиалаад хүнд хүргүүлнэ гэвэл жаахан тиймхэн ч интернэтээр утасныхаа дугаарыг хайгаад захиалахад бол зүгээр.
Энэ нь нэг талаар хэрэглэгчдийн мэдлэг чадвартай холбоотой ч нөгөө талаар хэрэглэгчиддээ таны үйлчилгээг үнэхээр хэрэглэхээс өөрцгүй, эсвэл ядаж хэрэглэхэд ашигтай юмдаа гэсэн ойлголт төрүүлэх нь чухал гэдэг нь харагдах байхаа.
Төлбөр төлөх тухайд бид бас олон өнцөгөөс харах хэрэгтэй. Анх зөвхөн ePay байгаад заавал хүн өөрөө тусдаа карт аваад, тэгээд түүндээ мөнгө тушаагаад дараа нь хэрэглэдэг байсан бол одоо ХХБанк, Голомт банкнуудын төлбөр төлөх онлайн системүүдийн тусламжтайгаар та Монголын ихэнх банкнуудын дотоодын болон гадаадын дебит, кредит картуудаар тооцоо хийх боломжтой болсон. Гол асуудал тодорхой хэмжээнд техникийн шийдэл бий болсон ч хэрэглэгчид интернэтээр төлбөр тооцоо хийх итгэл муу байгаа нөгөө талаар зарим картууд нууцлалыг нэмэгдүүлэх зорилгоор заавал тусгайлан нууц код авах хэрэгтэй байдаг нь техникийн мэдлэг нимгэн хэрэглэгчдийн хувьд толгойг нь эргүүлсэн хэрэг болж байгаа юм.
Анх хэлснээр интернэт бизнесийн гол хэрэглэгчид бидний хувьд гадаадад байгаа гэхээр нөгөө дотоодын картууд хэрэг байхгүй болно. Ялангуяа ихэнх байнгын мөнгөний боломжтой Монголчууд маань Солонгос улсад байдаг. Гэтэл ихэнх Солонгосд байгаа Монголчуудад Солонгосын банкны тусгай карт байна уу гэхээс биш олон улсын төлбөр тооцоо хийх эрх бүхий карт байхгүй. Харин тэдний хувьд карго гэдэг нэг ойлголт бий, учир нь Солонгосоос Монгол руу орж ирдэг их мөнгө чинь үүгээр л дамжиж ирдэг. Энэ байдлыг бид анзаараад 2 жилийн өмнөөс Солонгосоос захиалгаа интернэтээр хийгээд төлбөрөө шууд каргогоор авах аргыг бодож олсон маань амжилттай байгаа.
Тэгэхлээр одоохондоо бид интернэт төлбөр тооцоо гэхээр заавал amazon.com дээр худалдаа хийж байгаа шиг юм хараад их хол явахгүй, харин байгаа зүйлсийг арай илүү сайжруулан харин цаашид хэрэглэгчдээ улам боловсруулан хөгжүүлэх нь чухал юм болов уу.
Хүргэлтийн хувьд их хэцүү боловч шийдэхэд бас боломжийн асуудал. Хэдийгээр манай шуудангийн систем найдвартай биш хаягийн нэгдсэн систем байхгүй гээд олон асуудал байгаа ч та өөрийнхөө хийх гэж байгаа интернэт бизнест ямар нэгэн байдлаар тохируулаад хүргэлтээ хийх боломж бол байгаа. Бидний хувьд өөрсдөө хүргэлтээ хийдэг тэгээд энд болохгүй байгаа зүйл алга байна. Таны хувьд ч шийдэл байгаа байхаа. Магадгүй та заавал нэг хүнд биечлэн хүргэж өгөх шаардлагагүй тоон хэлбэрээр бараагаа хүргэж ч болно шүү дээ. Интернэт сургалт, дуу хөгжмийн худалдаа, сонингийн захиалга гээд юу эс мундахав.
За энэ удаадаа энэ хүрээд зогсоё доо. Хүзүү хөшчихөө. Дээр бичсэн зүйлс маань зөвхөн b2c загвараар ажиллах үед юм шүү. c2c, b2b болоод ирвэл бас л арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болох байх даа.
bagaurnult Says,
Friday, October 13. 2006 at 21:03 (Link) (Reply)
Ariuka Says,
Tuesday, October 24. 2006 at 13:56 (Link) (Reply)
Eeriin chini blog uneheer taalagdlaa. Ih zev aguulgaar avch yavj baigaa yum shig sanagdlaa. Blogoo manai site deer taviulahiig husvel bidentei holboo bariarai. Chinii saihan setgeliin uudnees bysadtaigaa huvaaltsaj bui ene olon heregtei medeeleluudiig chini ulam olon hund hurgej tys bolmoor sanagdsan yum. ibiz4all-g gargadag Boloriin site-s chiniih ruu orj uzej baina.
Ajliin amjilt husiye.
www.orloo.com