Аав, ээж, охин гурвын тухай дуулдаг Чандмань эрдэнэ гээд Өвөрмонгол дууг манайхан андахгүй байхаа. Би ч хувьдаа хөөрхөн донжтой дуу байна даа гээд хааяа сонсох дууны жагсаалтдаа оруулчихдаг.
Харин тэгтэл сая Hangzhou Investment Forum-д ASICIO-ийн шугамаар компаниа төлөөлөн явах замд Шанхайгаар дайрлаа. Тэгээд нөгөө алдарт Nanjing Road-аар явж байтал нөгөө дуу маань цуурайтаж байх юм. Гайхаад л өнгөрлөө.
Тэгээд Hangzhou-д очоод хүмүүстэй нэрийн хуудсаа солилцоод танилцлаа. Тэгээд Монголоос ирсэн гэтэл харин зарим нь нөгөө аав, ээж, охин гурвын тухайн алдарт Монгол дуу гээд л учиргүй өмнөөс тэгэх юм. Ингэж хэлсэн хүмүүс нь Сингапур, Малайз нөхдүүд. Яах вэ нэг талдаа туу нь давхар хятад хэл дээр байдаг болохоор эдгээр хятад хэл мэддэг нөхдүүд сайн хүлээж авсан байх л даа. Тэгэхдээ л өвөр ч бай ар ч бай зөвхөн Монгол гэдэг нэрээрээ хүмүүст танил болж, Монголын гэх зүйлсийг нэгээр ч гэсэн нэмэгдүүлж байгаад нь баярлаж байлаа.
Зөвхөн баярлаад зогсохгүй бас хэдэн зүйл бодогдлоо.
Хэ хэ энд тог тасраад гүйцээлгүй орхисон хүмүүс сэтгэгдэл бичээд эхэлж.
За бодол гэхээр, манайхан Монголчууд ер нь аливаа зүйл хийхдээ томчуулыг дуурайж тэгээд тэдэнтэй ана мана үзнэ гэж байнга боддог шиг. Тэгээд өөрсөндөө байгаа боломжийг үл анзаардаг юмуу. Манайхны рок поп дуу бидэндээ хичнээн сайхан дуулаад ч гадныханд тэгж хүрэхгүй л болов уу. Тэртэй тэргүй тэнд нь манай дуучдаас хэдэн хувь илүү, үгүй илүү биш юмаа гэхэд адилхан хар мянган дуучин байгаа. Харин ааваа, ээжээ гээд донжийг нь олоод дуулаагүй л байна. Тэгэхээр бид өөрснийхөө онцлогийг л сайн нээж олох хэрэгтэй. Олон зүйл дээр. Outsourcing гэхэд жишээ нь манай хамгийн том нь ч ядаж хятад, вьетнамын энгийн нэг шиг тооны хүн байхгүй. Энэтхэгт л гэхэд жилдээ сая хол давсан хүн дээд боловсролын диплом өвөртөлж байна. Тэгэхээр тэдэнд байхгүй, байлаа гэхэд сул байдаг харин бидэнд байх давуу тал юу байж болохыг олж харах хэрэгтэй байх.
Дэлхий нэгэнт одоо хавтгай болсон гэдгийг би нөгөө алдарт "The World Is Flat" номыг уншаад мэдлээ бас Хятадын экспортын барааны үзэсгэлэнг Guangzhou-д очиж үзээд улам бүр яс махандаа шингэтэл ойлголоо. Тэгэхээр нэгэнт чөлөөт эдийн засгийн бодлого, дэвшилтэт технологийн ачаар хавтгайрсан энэ дэлхий дээр, хаана юу хийгдээд хэнээр дамжаад хэнд хүрч байгаа нь ойлгоход ч бэрх энэ хавтгайран ширэлдсэн энэ дэлхий дээр Монголчууд бид өөрсдийн давуу талыг олж харж, тэртэй тэргүй хийсвэр утгаараа хил хязгааргүй нэгэн том улсын иргэн мэт сэтгэж хөдлөх хэрэгтэй болжээ.
Харин юуг яаж сэтгэх нь таны хэрэг, хамгийн гол нь энэ дэлхий дээр зөвхөн Монгол байгаа гэж бодож, хятад бол бидний дайсан хэмээн зайгаа барьж өөрснийгөө хайрцганд хав дарваас бид хөгжихгүй нь лавтай үнэн болжээ.
Г.Ганбат Says,
Tuesday, October 24. 2006 at 19:49 (Reply)