Өнгөрсөн жил талбайн урд талын самбар дээр дэлхийн JCI-ийн дэд ерөнхийлөгч Монголд айлчилж буй тухай мэдээллийн самбар тавигдсаныг үзээд анх JCI гэдэг үгийг сонсож байлаа. Харин энэ намар миний найз MySoft ХХК-ийн захирал Баянмөнх намайг Capital JC байгууллагад элсээч хэмээн ятгасан юм.
Анх эхлээд яг ямар учиртайг нь ч мэдэхгүй тээнэглэзлээ. Тэгсэн 24 цаг гэдэг үйл ажиллагаа байгаа, түүний дагуу манай гишүүд бүтэн 24 цагийн турш яг цэрэг хүн шиг байдаг тэнд юу ч гэсэн очоод үзээч гэсний дагуу нэг талаар цэрэгт яваагүй хүнд сонин санагдаад нөгөө талаар бас ер нь ямархуу байгууллага гэдгийг бага ч гэсэн таньж мэдье хэмээн явахаар шийдлээ.
Зэвсэгт хүчний тусгай сургалтын Таван толгой дахь баазад очин тэнд амьдралдаа үзээгүй олон зүйлийг үзэж үнэхээр анх Баянаагийн яриад байсан манайхан их гоё гээд байдгийг мэдэрсэн дээ. Таван толгойн ангид очоод танк, питер унаж гар буунаас эхлээд ротын пулематаар хүртэл буудаж, Иракийн энхийг сахиулах ажиллагааны сүүлийн ээлжинхэнтэй хамтдаа оройн тоонд жагсаж бүтэн 24 цагийг өнгөрүүлсэн билээ.
Анх 1915 оны 10 сарын 13-ны өдөр АНУ-ын Миссури мужийн Сэнт Луйс хотноо залуусын бизнесийн чадвар, зр бүтээмжийг хөгжүүлэхэд нь туслах зорилгоор Young Men's Progressive Civic Association (YMPCA) хэмээх байгууллагыг 32 залуу байгуулж байсан бөгөөд энэ байгууллага нь улам өргөжин тэлж одоогоос 60-аад жилийн тэртээ JCI буюу Junior Chamber International хэмээх олон улсын байгууллага болсон байна.
Монголын залуус 90-д оноос монголд энэ байгууллагийн үндэсний байгууллагыг ажиллуулж байгаад улмаар 2003 оны наймдугаар сард JCI байгууллагыг олон нийтэд танилцуулах, үзэл бодлыг нь нийтэд түгээх, хөгжүүлэх, гишүүнчлэлийнхээ тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ залуусын өвөрмөц сонирхолд нийцсэн өөрсдийн онцлог шинж чанараа агуулсан анхан шатны байгууллагуудыг шинээр бий болгох зорилгын дор тухайн оны ерөнхийлөгч Б.Зоригт, 2004 оны ерөнхийлөгч С.Сэргэлэн нарын санаачлагаар Улаанбаатар JC-ийн гишүүнчлэл дээр тулгуурлан Ulaanbaatar JC, Capital JC, Ikh huree JC, Central JC гэсэн анхан шатны байгууллагуудыг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэсэн юм байна. Ийнхүү Монголын JC-гийн түүхэнд Capital JC анхан шатны байгууллага үүсч бий болох хөрс суурь тавигдсанаар гишүүн Н.Болд, Б.Лхагважав, Ц.Наранцэцэг нарын оролцоотойгоор 2003 оны 08 сарын 16-ны өдөр албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн ажээ.
Уржигдар буюу 2006 оны 10 сарын 28-нд тэрэлж дэх Улаанбаатар - 2 амралтын газарт Capital JC-ийн 2006 оны намрын чуулган болсон бөгөөд энэ нь миний оролцсон Capital JC-н анхны томоохон хэмжээний, олон гишүүд оролцсон үйл ажиллагаа байлаа.
Энэ намрын чуулганд оролцсоноор би JCI байгууллагын мөн чанар, эрч хүчийг улам ихээр мэдэрсэн, цаашид Capital JC-ийн үйл ажиллагаанд байнга идэвхийлэн оролцож байх нь залуу хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх, удирдагч хүнд байх олон зүйлийг сурч мэдэхэд үнэхээр чухал хүчин зүйл юм гэдгийг ч ойлголоо.
Capital JC-ийнхээ бүх гишүүдэд хувийн амьдрал болон бизнест нь далай шиг их амжилтыг хүсэн ерөөе!
-
Дэлхийн JCI байгууллагын вэб
-
Capital JC байгууллагын вэб