Монгол вэбүүд маань ихэнхдээ сонингийн мэдээлэл оруулаад зарим нь хааяахандаа энд тэднээс мэдээлэл орчуулж тавиад байдаг нэг хэсэг, эсвэл хэрүүл уруулаах дүүрсэн баахан ижилхэн форумууд, зарим нэгэн тв бичлэг, дуу, клип нэг доор цуглуулсан сантай л байлаа.
Сүүлийн үед мэргэжлийн голдуу хүмүүс маань Блог бичиж, мөн мэргэжлийн хүмүүс хамтран тусгай вэб ажиллуулж эхэлснээр Монгол агуулга арай өөр шинжтэй болж ирсэн. Тэгэхдээ л агуулгын цар хүрээ хязгаарлагдмал байсаар байгаа.
Харин бид саяхан Банжиг Мэдлэг үйлчилгээг нээгээд агуулга баяждаггүйн гол шалтгаан нь вэб хөгжүүлэгчид, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд хэрэглчдийнхээ эрэлт хэрэгцээнээс хол хоцорч явааг илтгэж байгааг ойлгох шиг боллоо. Туршилтын журмаар ажиллаж эхлээд 10 орчим хоноход нийт 300 орчим асуулт асуугдаж, 1000 гаран хариулт бичигдэж, 100 гаран орчим зөвлөгөө бичигдсэн байх юм. Хамгийн гол нь асуултууд нь үнэхээр хэн нэгэн хүнийн мэдэхийн хүссэн асуулт, хариулт нь чин сэтгэлээсээ өгч байгаа хариултууд.
Энэ эрчээрээ бол Монгол агуулга төрөл бүрээр асар хурдацтай баяжих бололтой. Иймээс эхний ээлжинд зөвлөгөөнийх нь хэсэгт шошго хэрэглэхээр шийдлээ. Хэдийгээр мэдээллээ ангилсан ч гэсэн энэ мэдээлэл ихсэхийн хирээр зөвхөн ангиллаар мэдээлэл олж үзэх нь цаг хугацаа, үр дүнгийн хувьд учир дутагдалтай юм.
Шошго гэдэг маань англи хэлтэй сайтууд дээр tag, label, taxonomy зэргээр нэрлэгддэг. Анх нийтийн зургийн нэгдсэн сан гэж болох flickr.com, мөн нийтийн вэбийн санамж гэж болох del.icio.us сайтуудад хэдхэн жилийн өмнөөс хэрэглэж эхэлснээр Шошго хэмээх ойлголт интернэтэд бий болсон билээ. Шошгийн хамгийн гол зорилго нь асар их хурдацтайгаар нэмэгдэж байгаа мэдээллийг тодорхой түлхүүр үгүүдээр цэгцлэн ангилах явдал юм. Энэ ангилах явцыг хэн яаж хийдгээрээ сайтууд өөр өөр байдаг. Жишээ нь flickr.com дээр хэрэглэгчид зураг оруулахдаа зурагнууддаа өөрөө шошго хаддаг бол, del.icio.us дээр тухайн вэбийг санасан хэрэглэгчээс гадна өөр хүмүүс бас шошго хадах боломжтой байдаг.
Банжиг Мэдлэг үйлчилгээний хувьд Монголдоо хамгийн анх Шошго хэрэглэж эхэлж байгаа билээ. Одоогоор хэрэглэгчид зөвлөгөө оруулахдаа өөрийн зөвлөгөөнд шошго хадаж болох бөгөөд үүнийг нь Банжиг.Нээтийн ажилчид агуулгын болон үг үсгийн алдааны талаас нь хянан зөвлөгөөтэй хамт нийтэлж байгаа юм.
Цаашид интернэт дэх Монгол агуулга зөвхөн тооны хувьд биш чанар агуулгийн хувьд илүү сайжрах болтугай! Энэ үед өөрийн болон бусдын мэдээлэлд шошго хадаж, мөн мэдээлэл хайхдаа шошгон үүлэн дундаас сонголт хийх зэрэг нь нийтлэг болох буй за.