Banjig.Net ажиллаж эхэлснээс хойш дан өөрийн хөгжүүлсэн программ хангамжуудыг ашиглан өөрсдийн бэлдсэн агуулгыг нийт Монголчууддаа интернэтээр хүргэж ирсэн билээ. Харин сүүлийн үед гар утасны хэрэглээ зөвхөн ярих, мессаж бичихээр хязгаарлагдахаа больсон энэ цаг үед бид бүх зүйлсийг зөвхөн вэбээр явуулаад байх боломжгүй гэдгийг ойлгож байгаа.
Тиймээс бид одоо байгаа үйлчилгээнүүдээ гар утасны хувилбарт шилжүүлэх, гар утсаар дамжуулан төрөл бүрийн контентыг хэрэглэгчиддээ хүргэхээр судалж байна. Цаашид Ирмүүн, Ялгуун гишүүдийн үнэ цэнийг илүү нэмэгдүүлэх бодлого баримталж байгаатай холбогдуулан гар утасны контентуудад хандах боломжийг Ирмүүн, Ялгуун гишүүдэд илүү байхаар шийдэл гарах болов уу.
Нөгөө талаар бид өөрийн вэбийн одооны үнэ цэнийг гар утас руу авчрах гэж байгаа учраас Banjig.Net сайтын аль ч хэсгийг үзэж байсан ялгаагүй хэрэглэгч тухайн хэсгийн хүссэн зураг, дуу, дүрсийг шууд гар утас руугаа авах боломжийг олгох болно.
Хэдийгээр зах зээлд Мобиком, Скайтел компаниуд өөрийн сүлжээний давуу байдлаа ашиглан мессаж дээр суурилсан үйлчилгээний шимтгэлийг өндөр барьж байгаагаас (сар бүрийн суурь хураамж дээрээс нэмэгдээд 40-60%) гадна зарим GPRS боломжуудыг шууд ашиглах боломжийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа үед бид өөрсдийн давуу талыг ашиглах нь чухал гэж үзэж байгаа болно.
Бидний давуу тал бол нийт бүртгэлтэй 80 мянга хол давсан хэрэглэгчид маань юм. Бид анхнаасаа хэрэглэгчийн нэгдсэн бүртгэл дээр суурьлан бүх зүйлээ хөгжүүлж ирсэн тул энэ давуу талаа бид гар утасны салбар дээрээ ч ашиглах болно.
Өөрөөр хэлбэл бид тусгай гишүүнчлэлээрээ дамжуулан төлбөрийг цуглуулаад контент зарах боломжтой гэсэн үг. Өнөөдрийн байдлаар гишүүдийн бүртгэлийн систем нь бүрэн цогц хэмжээнд ажиллаж байгаа сайт Монголд байхгүй. Хэсэг хугацаанд Banjig.Net-ийн түвшинд хүрсэн ийм төрлийн сайт гарна гэдэг ч бас шууд хэлэхэд хэцүү.
Гар утасны контентын хувьд бид Banjig. Хөгжим салбар дээрээ суурьлан бүх төрлийн гар утасны ая, бүх салбаруудаас төрөл бүрийн зургуудыг зарахаас гадна өөрсдийн хөгжүүлсэн гар утасны тоглоом тусгай программуудыг борлуулах болно. Одоогийн байдлаар "Бадарчин" тоглоомын гар утасны хувилбар бэлэн болоод байгаа.
Banjig.Net он гараад томоохон шинэчлэлт их хийгээгүй тул бид үндсэн хувилбарынхаа дугаарыг нэмэгдүүлээг бараг 3 сар болж байна. Харин одоо удахгүй ажиллаж эхлэх Banjig. Mobile, Banjig. Бизнес лавлах салбарууд болон Гишүүнчлэлийн, Төлбөр тооцооны системд хийгдэх шинэчлэлүүдийг агуулсан
Banjig.Net 2006, v1.5 хувилбарыг тун удахгүй зарлах болно.
Миний энэхүү блог дахь Banjig.Net хэсэг нь цаашид Banjig.Net-д хийгдэх шинэ зүйлсийг зарчмын болон технологийн талаас нь урьдчилан мэдээлж байхад голдуу чиглэх бөгөөд хувилбаруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь уламжлалт ёсорр Banjig.Net дээр өөр дээр нь мэдээлэгдэж байх болно.